Аав, ээжийн минь төрсөн газар Чандмань сум болохоор энэ нутгаар овоглох дуртай. Сүүлийн үед нутгийн тухай дуу их хийх боллоо
Саравчтай малгай, хар шилээр гоёсон энэ эрхмийг Г.Жаргалсайхан гэдэг. “Соёл-Эрдэнэ” хамтлагаар эцгийнхээ нэрний адил овоглодог түүнийг үе тэнгийнхэн нь “Том Жагаа” хэмээн өргөмжилдөг. Эх сурвалж: GEREG.MN
-Юуны өмнө 45 жилийн ойн босгон дээр “Алдарын Од” медалийг хүртсэн. Ойг тохиолдуулан хийж бүтээхээр төлөвлөсөн ажил бий юу?
-Баярлалаа. Манай “Соёл-Эрдэнэ” хамтлаг зууны манлай хамтлаг болж байсан. Монголын рок попын үе үеийн хамтлаг дуучид энэ хамтлагаар дамжсан гэхэд хилсдэхгүй болов уу. Тийм ч учраас энэ том медалийн анхны эзэд болсон гэж бодож байгаа. Энэ бол манай “Соёл-Эрдэнэ”-чүүдийн хамгийн шагнал.
Ойг тохиолдуулан хэд хэдэн төлөвлөсөн зүйл бий. Гэхдээ одоогоор нууцламаар байна.
-Өнгөрсөн он жилүүдэд “Соёл-Эрдэнэ” урын сандаа хэдэн дуу, хөгжимтэй болсон бэ?
- Манай “Соёл-Эрдэнэ”-ээс маш олон хөгжмийн зохиолч дамжиж гарсан шүү дээ. Тэгээд бодохоор тоймгүй их тоо гарах байх. Нарийн тоолж байгаагүй юм байна. Энэ 45 жилийн сүүлийн 25 жил л эрх чөлөөтэй болсон болохоос түүнээс өмнөх 20 жил хийсэн дуу бүр бичлэг болж урын санд үлддэггүй байлаа.
Зарим дуу нэг удаагийн тоглолт дээр дуулагдаад л орхигдох тохиолдол их гарч байлаа. Орхигдсон маш олон уран бүтээл бий. Үүнээс манай Цоомоо /Б.Цолмон/ бид хоёр өнгөрсөн жил түүвэрлэн авч, хос цомогтой альбом гаргасан. Түүнийгээ хүмүүст таниулахын тулд үнэ төлбөргүй тараагаад дууссан.
-Одоогийн байдлаар танай хамтлагт хэдэн уран бүтээлч ажиллаж байна?
-Бусад нь уран бүтээлээс илүү хувийн амьдрал, бусад ажилдаа түлхүү анхаарлаа хандуулах болсон. Тийм учраас Цоомоо бид хоёр “Өргөө”-гийнхөнтэй хамтарч ажиллах болсон.
-Таныг анх Баянмонгол чуулгад ажиллаж байсан гэж сонсож байлаа. Хэзээнээс хэн таныг Баянмонголоос “Соёл-Эрдэнэ” рүү урвуулсан бэ?
-Би 1977 онд Баянмонгол чуулгад хөл тавьж, 1980 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагт орсон. Тэр үеийн дурсамжийг ярихааар сэтгэл сэргэдэг. Дүр зураг нь нүдэнд харагдах шиг болдог. . Авьяас минь ундарч, бүтээх хүсэл оргилсон үед бүх зүйл хаалттай байсанд харамсдаг.
Бидний үед босго өндөр, шалгуур хатуу байлаа. Ямар л авьяас мэдрэмж байна тэр бүгдийг нь хардаг, бас хянадаг байсан. Нэг дуу дуулахаар болбол үгийг нь харуулж, аяыг нь сонсгоно. “Эд нар гуравдагч орны дуу дуулж байна. Хөшгийг нь хаа” гээд л. Нийтээрээ нэг байранд, нэг хэв загварт баригдаж амьдрах бидэнд эхэндээ таалагддаггүй байлаа. Өнөөгийн залуусыг хараад бидний үе ийм байсан болоосой гэж атаархдаг юм. Одоо бол нийгэм нээлттэй. Франц, англи, орос, солонгос хэл дээр дуулах нь хүртэл чөлөөтэй болчихлоо шүү дээ.
Анх Баянмонголоос “Соёл-Эрдэнэ” рүү талийгаач З.Зундарь урвуулсан /инээв/. Тэр “Чи залуу хүн байж энд оркестр тоглоод хэрэггүй, дуулж хөгжимддөг хамтлагт ороод дуугаа зохиож, хөгжмөө найруулах хэрэгтэй” гэж ятгасан. Ингээд л би “Соёл-Эрдэнэ”-д орсон доо. шүү дээ. Монгол Улсын том хамтлаг гэдэг утгаараа “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” 1970-аад оны эстрад урлагийн алтан үе байсан.“Соёл-Эрдэнэ” хамтлаг 21 аймаг, бүх сумдаар тойрч тоглоно. Тэр үед нэг ч сумыг үлдээж болохгүй. Хэрэв үлдээвэл Соёлын Яаманд бичиг ирж, арга хэмжээ авахуулна.
-Та нарыг жинс өмсөөд, үсээ ургуулаад явахаар чинь барууны үзэл суртлыг нэвтрүүллээ гэсэн шүүмжлэл их ирдэг байсан биз?
-Өмсөх хувцас, зүүх гоёл элбэг байгаагүй. Их Дэлгүүрт цамц ирвэл залуучууд аваад өмсчихнө. Хаашаа л харна нэг ижил цамцтай хүмүүс явна. Манай хамтлагийн залуус их ганган. Үеийнхнээсээ ялгарахын тулд үсээ ургуулж, өргөн өмд, өргөн тэлээгээр гоёно.Манай “Соёл-Эрдэнэ”-ийнхэн бүгд гарын уртай. Өөрсдөө хувцсаа оёод өмсчихнө. Би залуу байхын хувцасны загвар сонирхдог байлаа. Бидний үед одоогийн залуус шиг дуртай хувцсаа худалдаж аваад чөлөөтэй өмсчихдөг байгаагүй.
Савхин хүрмийг Б.Цолмонгоос гадна “Хонх” хамтлагийн Энхбаяр, “Буян”-гийн Б.Жаргалсайхан дажгүй урлачихна. 1978 онд Баянмонгол хамтлагийнхантайгаа Унгар, Румын, Орос руу явахдаа хилэн материалаар өмд, цамц оёод тоглолтонд өмсөх гоёлоо зэхэж байсан.Хайр дурлалын сэдэвтэй дуу олон, нам төрийн сэдэвтэй дуу цөөн байна гэж тоолоод л суудаг байлаа шүү дээ. Нам засгаа магтсан дуу хий, хайр дурлалын тухай дуугаа багасга гэсэн санал хүртэл тавина.
-Та залуудаа хотын төвөөр мотоцикль унаад салхи татуултал давхидаг байсан гэл үү?
-Миний мотоциклийг манайхан ээлжилж унаад, хотын төвөөр давхихыг харчихаад хүмүүс гайхаж ангайна. “Буян”-гийн Жагаа “Яава 350” дөнгөж худалдаанд гарсан мотоциклиор гангарна. Одоогийнхоор бол
Хүмүүс найзыг маань хатуу, яхир, түс тас зантай гэж шүүмжилдэг. Би бол андынхаа энэ зангаар харин ч бахархдаг. Хүн ямар байх нь хамаагүй. Тэр үед бид залуусын хувцас загварыг тодорхойлж байсан гэхэд болно.
Биднийг юу өмсөнө залуус дуурайж дагана. “Буян”-гийн Жагаа урлагт их элэгтэй, бас гарын ур дүйтэй. Найз маань “Соёл-Эрдэнэ” хамтлагт бараг орох гэж байсан хүн шүү дээ. Бид одоо ч сайхан нөхөрлөдөг юм. Жагаа өмдийг их гоё эсгэнэ. Баахан жинс барьж очоод л найзаараа эсгүүлнэ шүү дээ. Тэр үед Оросууд Тверь гэдэг жинс зарна, материал нь чанартай. Хар утсаар оёсон жинсүүдийг худалдаж аваад өөрсдөө эсгэж, гоё оёно. Барууны жинс өмссөн хүүхдүүдээс ярликийг нь хуулж аваад, угааж индүүдээд нөгөө худалдаж авсан авсан жинс дээрээ наагаад wrangler, levis фирмийн өмд шиг болгож Оросуудад зарчихдаг байлаа.
-Таныг олны дунд “Том Жагаа” нэр тань овог шиг чинь болчихжээ?
-Тийм шүү. 1980 онд Баянмонголоос хоёр Жаргалсайхан “Соёл-Эрдэнэ”-д очсон юм. “Нэр нэгтийн чих нэг” гэдэг дээ. Хүмүүс “Жагаа” гээд дуудахаар хоёулаа эргэж харна. Бас болоогүй ээ хоёулаа буржгар үстэй. Биеэр арай том,бас нэг насаар ах байсан болохоор намайг Том Жагаа гэх болсон.
-Хүмүүс та нарын дууг сонсох гэж “Эргэн дурсахуйд” очдог гэх юм билээ. Магадгүй залуу насныхаа дурсамжийг эргэн санадаг ч байж болох л доо?
-Бидний дуулсан дуу хит болж, олны дунд өнөөг хүртэл амьдарч байна. Хүмүүс олон жил дуулж ирсэн дуунуудыг маань сонсох гэж дурладаг. Тэр дуугаа дуулаач гэж захиална, бүр дагаад дуулдаг гээч. Би амьдралаа урлагаас өөр зүйлд зориулсангүй, сэтгэлээ ч бас дуу, хуураас урвуулж чадсангүй.
-Та Улаанбаатарын унаган иргэн хэрнээ Говь-Алтай аймгийн Чандмань сумаар овоглоод байдаг. Тийм ээ?
– Аав, ээжийн минь төрсөн газар Чандмань сум болохоор энэ нутгаар овоглох дуртай. Сүүлийн үед нутгийн тухай дуу их хийх боллоо. “Зүүдний мөнгөн Алтай”, “Хөглөгөр их Алтай”,”Тэнгэрийн уул”, “Засагт хааны хөх харчуул” гээд дуу хийсэн. Тэр дундаа Чандмань сумын зон олонд зориулж “Чандмань нутаг минь” дуу зохиосон. Одоо бүр сүлд дуу нь болсон байна лээ. . Энэ нутаг надад одоо төрсөн газар шиг минь дасал болжээ. Алтай нутаг хүний сэтгэл татсан газар. Өндөр шовх, сүрлэг уулстай, сэрүүн салхитай, сайхан байгальтай.
-Хурим найрын улирал эхэлж байна. Захиалгад дарагдаж байна уу?
-Өө урилга ирж байгаа. Найз нөхдийн хүүхдүүд хурим хийхээрээ урьдаг юм. Хурим арван нэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг болохоор амрах зав бага гардаг. Тэгж байтал удахгүй шинэ жилийн захиалга шил дарна. Хамтлагаараа томоохон байгууллагуудын ёолк дээр дуулсаар байгаад арай гэж шинэ он гарахаас өмнө гэртээ ирдэг. Залгуулаад сар шинийн баяр давхцана.
Энэ мэтчилэн хүрд адил зогсолтгүй эргэж, цагийн зүү шиг урагшлах юм даа. Бид насаараа урлагийн ажилд зүтгэлээ. Урлаггүйгээр амьдралаа төсөөлж ч чаддаггүй. Дуу хөгжим, гитартай нөхөрлөж олон жилийг үдлээ. Хөгжим маань надад одоо үнэнч нөхдөөс минь дутахааргүй үнэтэй болсон.
-Таныг Төв аймагт алтны уурхай, газар тариалантай гэж хүмүүс ярих юм билээ?
-Ерөөлөөр болог. Надад газар тариалан байтугай лагерийн хашаа, байшин ч байхгүй. . Даанч тэгж хөөцөлдөж явах зав үнэхээр гарахгүй юм. Миний хэдэн сайхан нөхөд Төв аймагт амьдардаг. Жаахан зав гарвал тэдэнтэйгээ уулзах гээд жолоо залдаг тал бий. Түүнээс биш алт ухах гэж, эсвэл ногоо тарих гээд явдаггүй л дээ. Найзуудтайгаа уулзсан үедээ улс орны хөгжил, цаашлаад улс төр, хууль дүрмийн тухай ярина. . Зам засах ажил бүтэн жил үргэлжиллээ. Үүнийг хамгийн зөв ажил гэж дүгнэж байгаа. Нүдэн дээр минь Улаанбаатар хот хөгжиж байгаа хараад баярладаг.
Мэдээ оруулсан: 2018-09-20 14:19:23