Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тус аймгийн өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах ажлын хэсэг, аймгийн удирдлагууд хуралдаж байна.
Говь-Алтай аймаг 2018 оны жилийн эцэст 3513.3 мянган толгой мал тоологдсон. Үүнээс адуу 129.9 мянга, тэмээ 43.6 мянга, үхэр 85.2 мянга, хонь 1057.6 мянга, ямаа 2196.7 мянган толгой байна. Аймгийн хэмжээнд нийт 1099.6 мянган толгой төл бойжиж 2019 оны хагас жилийн байдлаар 4612.9 мянган толгой мал тоологдлоо. Үүнээс хүнсэнд 279.6 мянган толгой, зах зээлд 595.0 мянган толгой малыг борлуулах урьдчилсан судалгаа гарсан.
Аймгийн хэмжээнд 7106 малчин өрхөд 3738.3 сая толгой мал өвөлжих төлөвтэй байна.
Тус аймагт “Алтайн сүрлэг нуруу” ХХК, “Хүрийн овоо” ХХК-ын мах боловсруулах үйлдвэрүүд нь 9 дүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлж 93 адуу, 60 үхэр, 374 хонь, 2239 ямаа, нийт 2766 толгой малыг нядалгаанд оруулж 86.2 тн махыг бэлтгээд байна. “Натур наяд” ХХК ны мал нядалгааны цех нь 2019 оны 9 дүгээр сарын 20- нд туршилтын журмаар үйл ажиллагаагаа явуулж 206 адуу, 1785 хонь нийт 1991 толгой малыг нядалж 93.2 тн мах бэлтгэлээ. Өнөөдрийн байдлаар 95.9 мянган толгой малыг зах зээлд борлуулаад байна.
Аймгийн бэлчээрийн ургамлын ургалт 09 дүгээр сарын байдлаар нийт нутгийн 35 хувь нь хэвийн, 35 хувь нь дундаж, 30 хувь нь гантай буюу тааруу үнэлгээтэй гарчээ. Малчдын төвшинд 3360.4 тн хадлан бэлтгээд байна. Сумдын аюулгүйн нөөцөд нийт 900 тн өвс бэлтгэхээс 438 тн өвс бэлтгэж 49%, 540 тн тэжээл бэлтгэхээс 148 тн тэжээл бэлтгэж 27.3%-тай байна. Аймгийн аюулгүйн нөөцийн тэжээлийг 100 хувь бэлтгэж, 320 тн өвс бэлтгэх тендер зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа явагдаж байна.
Аймгийн хэмжээнд 40 аж ахуйн нэгж, 550 гаруй тариаланчид газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. 2019 онд нийт 1381.5 га-д тариалалт хийгдсэнээс, 10 дугаар сарын 01-ны байдлаар нийт 1070 га-аас 3549 тн ургац хураан авсан. Үүнд:
- Үр тариа 106 га-аас 3549 тн
- Төмс 76.6 га-аас 439 тн
- Хүнсний ногоо 59.2 га-аас 467 тн
- Ногоон тэжээл 794.4 га-аас 2277 тн
- Жимс, жимсгэнэ 33 га-аас 60.1 тн-ыг тус тус хураан авсан байна.
Ургац хураалтын явц 77.4%-тай байна.
Аймаг дундын Бор аргалантын отрын бүс нутагт 48 өрхийн 36.0 мянган толгой мал, хилийн зурваст 34 өрхийн 16.7 мянган толгой мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 122 өрхийн 117.9 мянган толгой мал, өөр аймгийн нутагт өвөлжих 11 өрхийн 7.8 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих 96 өрхийн 59.9 мянган толгой мал, нийт 311 өрхийн 238.3 мянган толгой мал отроор өвөлжих судалгаа гарсан.
Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж “Үлийн цагаан оготно 14 сумын 482400 га-д тархаад байна. Ялангуяа Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Цээл, Цогт, Чандмань сумдад гамшгийн хэмжээнд хүрч байна. Иймд үлийн цагаан оготнотой тэмцэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, газар нутгийн 70 орчим хувьд зуншлага муу, гантай болсон тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учир өвөлжилт хүндэрвэл шаардлагатай арга хэмжээг авах, 2019 онд Цахирын услалтын системийн зураг төсвийг Мөнгөн минж ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн. Энэ услалтын системийг ашиглалтад оруулснаар 300-400 га тариалангийн талбайг шинээр ашиглах нөхцөл бүрдэх юм. Тус услалтын системийг барихад 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тул санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх асуудлыг ХХААХҮ-ийн Дэд сайдад уламжлав.
ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх, орон нутагт махны үйлдвэрийг хуулийн дагуу ажиллуулах, малыг журмын дагуу тээвэрлэх, сум орон нутгаас 1000 гулууз мах, дайвар бүтээгдэхүүн нийлүүлэн борлуулах, арьс ширийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг чиглэл болгов. Мөн мал сүргийг эрүүлжүүлэх чиглэлээр 10-р сарын 20-ноос өмнө вакцинжуулах, угаалга, туулга хийх, отор нүүдлийг бүс дотроо зохион байгуулахыг тус тус үүрэг чиглэл болгов.
ХХААХҮЯ-наас Үлийн цагаан оготнын нүүдлийг сааруулах, тэмцэх шуурхай арга хэмжээ авах чиглэл өгч, төсвийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв.