ЧАНДМАНЬ СУМЫН УЛААНБААТАР
ХОТ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат иргэдийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл /цаашид “нутгийн зөвлөл”гэх/ нь нийслэл хотод амьдран суудаг Чандмань сумын иргэд, тэдний үр хүүхдийг эгнээндээ нэгтгэсэн, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, хуулийн этгээд мөн.
1.2. Нутгийн зөвлөл нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрлан үйл ажиллагаагаа явуулна.
1.3. Чандмань сумын нутгийн зөвлөл нь Монголд анх удаа байгуулагдсан сумын нутгийн зөвлөл бөгөөд энэ зөвлөлийн үүсгэн байгуулагдсан огноо нь 1990 оны 11 дүгээр сар болно. Чандмань сумын нутгийн зөвлөлийг санаачлан үүсгэн байгуулагч нь Цогт-Очирын Лоохууз, анхны нарийн бичгийн дарга нь Цэдэнбалжирын Жамъян-Очир мөн.
1.4. Нутгийн зөвлөлийн оноосон нэр: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл
1.5. Нутгийн зөвлөл нь Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон гишүүдийнхээ идэвх санаачилгад түшиглэн үйл ажиллагаагаа явуулна.
1.6. Нутгийн зөвлөл нь албан бичгийн нүүр, тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг хэрэглэнэ. Банкинд үндэсний болон гадаад валютын данстай байна.
Хоёр. Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны зорилго, зорилт
2.1. Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны зорилго нь Улаанбаатар хотод оршин суудаг Чандмань сумын уугуул иргэдийн хүч бололцоонд тулгуурлан төрөлх сумаа хөгжүүлэх, орон нутагтаа амьдран сууж буй иргэдийн хөгжилд бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны зорилт нь Чандмань сумын уугуул иргэд, түүний үр хүүхдийг эцэг эх, өвөг дээдсийн үе дамжин аж төрж, идээшсэн өлгий нутгийнхаа хөгжил, тэнд оршин суугаа унаган иргэд ахан дүүсийнхээ амьдрал, ажил үйлст тусалж дэмжих, нутгаа гэсэн өгөөмөр сэтгэлтэй болгох явдал юм.
2.3. Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг хэн нэг хүн, хэсэг бүлэг хүмүүсийн хувийн эрх ашгийг хангах явцуу зорилгод чиглүүлж үл болно.
Гурав. Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл
Нутгийн зөвлөл нь дор дурдсан үндсэн чиглэлийг баримтлан ажиллана.
3.1.Улаанбаатар хотод оршин сууж байгаа Чандмань сумын иргэд, тэдний үр хүүхдийн бүртгэл судалгааг гарган байнга шинэчлэн баяжуулж, улмаар тэднийг нутгаа хөгжүүлэх үйл ажиллагаанд татан оролцуулах, ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх.
3.2. Чандмань сумынхаа засаг захиргаа, ард иргэдтэй байнгын холбоотой байж, нутгаа хөгжүүлэх,тэнд амьдран сууж байгаа ард иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах, ахуй амьдралыг дээшлүүлэх ажилд сэтгэл санаа, мэргэжил, боловсролын дэмжлэг үзүүлэн ажиллах.
3.3. Нутгийн зөвлөлийн санаачлага, туслалцаатайгаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, бусад арга хэмжээний зохион байгуулалт, гүйцэтгэлд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, үр дүнгийн талаар сумын удирдлагаас тайлан, мэдээлэл авах.
3.4. Монголын үндэсний баяр – Цагаан сараар Улаанбаатар хотод оршин суугаа нутгийн иргэдийн золголт - уулзалтыг жил бүр зохион байгуулж, залуучуудад ахмадаа хүндэтгэн, нутгаа дээдлэх үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх.
3.5. Нутгаа хөгжүүлэх, орон нутагтаа амьдран суугаа ард иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, тэнд суралцаж байгаа хүүхдүүдийн сурах боловсроход түлхэц үзүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.
3.6. Нутгаа хөгжүүлэхтэй холбогдолтой бусад асуудлыг санаачлан хэрэгжүүлэх зэрэг болно.
Дөрөв. Нутгийн зөвлөлийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн
4.1. Нутгийн зөвлөл нь түүний тэргүүлэгчдийн хурал, нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга, гүйцэтгэх захирал гэсэн удирдлагын бүтэцтэй байна.
4.2. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид 20-30 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэргүүлэгчдэд Чандмань сумын уугуул, нэр хүндтэй иргэд орно.
4.3. Олон жил идэвх зүтгэлтэй ажилласан, нэр хүндтэй тэргүүлэгч гишүүнийг хүндэт тэргүүлэгчээр өргөмжилнө. Хүндэт тэргүүлэгч нь нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд тааллаараа оролцоно.
4.4. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлыг улиралд 1-ээс цөөнгүй удаа хийж, бодлогын болон цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана.
4.5. Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гаргаж, тэмдэглэл хөтөлнө.
4.6. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн нь нутгийн зөвлөлийн дарга, гүйцэтгэх захиралыг сонгох, өөрөө сонгогдох, хэн нэг хүнийг нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид нэр дэвшүүлэх, мөн асуудал санаачлан тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдүүлэх, шийдвэрийн төсөл санаачлах эрхтэй байна.
4.7. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал өөрийнхөө бүрэлдэхүүнийг шинэчлэн бүрдүүлэх эрх эдлэнэ.
4.8. Нутгийн зөвлөлийн дарга
4.8.1. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн даргыг тэргүүлэгч гишүүдийн дундаас илээр санал хурааж, хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар 4 жилийн хугацаатайгаар сонгоно.
4.8.2 Нутгийн зөвлөлийн дарга нь нутгийн зөвлөлийг төлөөлж бусад байгууллагатай харьцана.
4.8.3. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлыг даргалан хуралдуулна.
4.8.4. Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захиралд нэр дэвшүүлж, тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
4.9. Гүйцэтгэх захирал
4.9.1. Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлыг Тэргүүлэгчдийн хурлаас ердийн олонхийн саналаар 2 жилийн хугацаатайгаар батална.
4.9.2. Гүйцэтгэх захирал нь нутгийн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулна.
4.9.3. Санхүүгийн бичиг баримтанд 1-р гарын үсэг зурна.
4.9.4. Гүйцэтгэх захирлын ажлаа гүйцэтгэхтэй холбогдон гарах зардлыг жил бүр тэргүүлэгчдийн хурлаар батлаж, нутгийн зөвлөлийн сангаас олгоно.
4.9.5. Гүйцэтгэх захирлын дэргэд бичиг хэргийн орон тооны бус ажилтан томилогдон ажиллана.
4.9.6. Бичиг хэргийн зардлыг тусад нь тооцож бичиг хэргийн ажилтанд олгоно.
4.10. Нутгийн зөвлөлийн дэргэд ахмадын, эмэгтэйчүүдийн, оюутан, залуучуудын салбар зөвлөлийг байгуулан ажиллуулж болно. (Энэ нэмэлтийг Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор оруулсан)
Тав. Нутгийн зөвлөлийн сан хөрөнгө
5.1. Нутгийн зөвлөлийн сан хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
-
Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн жилийн татвар. (Гишүүн бүр жилд 200.000 төгрөгийн татвар төлнө.),
б) Нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив,
в) Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого,
г) Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө,
д) Бусад эх үүсвэр зэрэг болно
5.2. Нутгийн зөвлөл нь өөрийн эд хөрөнгийн өмчлөгч мөн
5.3. Нутгийн зөвлөл нь өөрийнхөө эд хөрөнгийг үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн ашиглаж, захиран зарцуулна.
5.4. Сан хөрөнгийг зарцуулах тусгай журам баталж мөрдөнө.
5.5. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн жилийн татварын хэмжээг мөнгөний ханшны өөрчлөлт, үйл ажиллагааны зардлын өсөлт, бууралттай холбогдуулж Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар шинэчлэн тогтоож болно. (Энэ нэмэлтийг Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор оруулсан)
Зургаа. Сангийн даамал
6.1. Сангийн даамал нь сан хөрөнгийг өсгөх, арвижуулах талаар санаачлага гарган, нутгийн зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирал нартай зөвшилцөн тодорхой ажиллагаа явуулна.
6.2. Сангийн даамлын буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн сан хөрөнгийн хохирлыг Сангийн даамал бүрэн хариуцан барагдуулна.
Долоо. Нутгийн зөвлөлийг өөрчлөн байгуулах, татан буулгах
7.1. Нутгийн зөвлөлийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Тэргүүлэгчдийн хурал шийдвэрлэнэ.
7.2. Нутгийн зөвлөлийг өөрчлөн байгуулсан буюу татан буулгасан тохиолдолд түүний хөрөнгө нь эрх бүхий байгууллагын хяналтан дор залгамжлагчид шилжинэ
Мэдээ оруулсан: 2019-03-05 11:18:46