Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид
Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн
2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн
хурлын 2-р тогтоолын хавсралт
2. ЧАНДМАНЬ СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ САЛБАР
ЗӨВЛӨЛҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Чандмань сумын нутгийн зөвлөлийн дэргэдэх ахмадын, эмэгтэйчүүдийн, оюутан залуучуудын салбар зөвлөлүүд нь нутгийн зөвлөлийн бүтцийн салшгүй хэсэг мөн бөгөөд үйл ажиллагаагаа Нутгийн зөвлөлийн дүрмийн 2.1-д заасан “Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны зорилго нь Улаанбаатарт оршин суудаг Чандмань сумын уугуул иргэдийн хүч бололцоонд тулгуурлан төрөлх сумаа хөгжүүлэх, орон нутагтаа амьдран сууж буй иргэдийн хөгжилд бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд чиглүүлж, дор дурдсан үндсэн чиглэлийг удирдамж болгон ажиллана. Үүнд:
1.Салбар зөвлөлүүд нь Нутгийн зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлаас удирдлага, чиглэл авч ажиллан Тэргүүлэгчдийн хуралд ажлаа тайлагнах.
2.Салбар зөвлөлүүд нутгийн зөвлөлөөс зохиосон аливаа ажилд тус тусынхаа бүрэлдэхүүнийг өргөнөөр оролцуулахын зэрэгцээ нутгийн зөвлөлийн хүрээнд зохион байгуулж хэрэгжүүлэх тодорхой ажлыг санаачлах.
3.Салбар зөвлөлүүд нь Улаанбаатарт оршин суугаа иргэдийн судалгааг гаргахад идэвх санаачлагатай оролцож, тус тусынхаа хамаарлын хүмүүсийн судалгааг хөтлөх.
4.Ахмадын салбар зөвлөл нь Чандмань сумын ахмад үеийнхний ардын ба ардчилсан хувьсгалын ололтыг бэхжүүлж, ард түмнээ соён гэгээрүүлж, тухайн шинэ нийгмийн өмнө тулгамдсан зорилтыг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтад оруулсан гавъяат үйлсийг сурвалжлан илрүүлэх, сурталчлах, удам угсаагаа тодруулах болон бусад асуудлаар сумын түүх судлалд бодитой хувь нэмэр оруулах.
5.Ахмадын болон эмэгтэйчүүдийн салбар зөвлөл нь ахмад үеийнхний эх оронч, дайчин, шудрага, ёс журамтай, эвсэг, энэрэнгүй, бүтээлч, хөдөлмөрч уламжлалыг шинэ үеийн залуучуудад амьдран буй нийгмийн онцлогтой уялдуулан өвлүүлэх, туршлагыг нь сурталчлах, эцэг, эх, өвөг дээдсийн үе дамжин аж төрж, идээшсэн өлгий нутгаа дээдлэн хөгжүүлэхийн төлөө үзэл, сэтгэлгээгий нь төлөвшүүлэхэд бүх талаар чармайлт гарган үр өгөөжтэй ажил зохион байгуулах.
6.Оюутан залуучуудын салбар зөвлөл нь нутгийн зөвлөлөөс зохиосон нийтлэг болон тодорхой арга хэмжээнд идэвхтэй оролцох.
7.Оюутан залуучуудын салбар зөвлөл нь Чандмань сумаас Улаанбаатар хотын коллеж, их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудын бүртгэл судалгааг хөтөлж, тэдний дунд биеийн тамир, спорт, соёл, урлагийн арга хэмжээ, мөн түүнчлэн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, төрөлх Чандмань сумаа хөгжүүлэхэд зориулан жижиг төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох.
8.Салбар зөвлөлүүд бүрэлдэхүүнийхээ мэдлэг, мэргэжил, чадвар, туршлага, бололцоондоо тулгуурлан Чандмань нутгийнхаа хөгжлийн төлөө аливаа ажлыг санаачлан өөрсдийнхөө хүчээр хийж гүйцэтгэх боломж нээлттэй байна.
Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч
Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 2015 оны
9 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын
3-р тогтоолын 3-р хавсралт
3. НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ “ЧАНДМАНЬ СУДЛАЛ” КЛУБЫН
АЖИЛЛАХ ЖУРАМ
1. Нутгийн зөвлөлийн дэргэдэх “Чандмань судлал” Клуб(цаашид клуб гэх)-ын үйл ажиллагааны зорилго нь сумын түүх, хүн зоны амьдрал ахуй, уламжлал, зан заншил, боловсрол, соёл, байгаль, газар нутгийн байдал зэргийг цаашид судлахад зөвхөн нутгийн зөвлөлийн хүрээгээр хязгаарлахгүйгээр нутгийн уугуул, суугуул сэхээтэн, ажилчин, малчин, ахмад настан, залуучуудыг өргөн хүрээтэй оролцуулахад оршино.
2. Клуб нь үйл ажиллагаагаа Нутгийн зөвлөлийн дүрэм, гаргасан шийдвэрүүдтэй уялдуулан явуулж, шаардлагатай тохиолдолд нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдээс тусламж дэмжлэг авч ажиллана.
3. Клубын үйл ажиллагааг дарга, гишүүдээс бүрдсэн зөвлөл удирдана. Түүнийг Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар батална.
4. Клуб гишүүнчлэлтэй байх ба түүнд элсэн орох нь Чандманий уугуул суугуул иргэдийн хувьд чөлөөтэй байна.
5. Клуб идэвхтний хэсгийг Чандмань сум, бусад аймагт байгуулж болно. Идэвхтний хэсгийн ахлагчийг дундаас нь томилон ажиллуулна.
6. Клубын зөвлөл зорилгоо хэрэгжүүлэн ажиллаж, зохиосон ажил, судалгааныхаа үр дүнгийн талаар Нутгийн зөвлөлд мэдээлж байна.
Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид
Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 2015 оны
9 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын
3 -р тогтоолын 1-р хавсралт
4. ЧАНДМАНЬ СУМЫН УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛӨӨС
ЭРХЛЭН ГАРГАХ СОНИНЫ АГУУЛГА, НИЙТЛЭЛИЙН БОДЛОГО
Үүсгэн байгуулагч: Улаанбаатар хот дахь Чандмань сумын нутгийн зөвлөл.
Зорилго: Сумын хөгжлийн төлөө гаргасан санал санаачлага, амжилт бүтээлийг сурталчлан дэмжих, нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг сумын иргэдийн сонорт хүргэн ойлгуулах, сумын ажил үйлсийн талаар Улаанбаатар болон бусад хот суурин газарт суугаа нутгийн иргэдэд мэдээлэх, танин мэдэхүй, ашигтай мэдээлэл түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Сонины нэр: Бидний Чандмань
Сонины уриа: “Төрөлх нутгаа хөгжүүлж, Түмэн олноо дэмжье”.
Сонины эрх: Сонины эрх нь үүсгэн байгуулсан Улаанбаатар дахь Чандмань сумын Нутгийн зөвлөлд хадгалагдана.
Сонины нийтлэлийн бодлого, чиглэл: Нийтлэлийн агуулга нь орон нутагтаа амьдран сууж байгаа уугуул иргэд болон Улаанбаатар, бусад аймаг, хотуудад оршин сууж буй нутгийн иргэдийг төрсөн нутагтай нь холбож мэдээллээр хангах, тэднийг нэгтгэж төрөлх нутгийн хөгжил хөдөлгөөний төлөө элэг сэтгэлтэй болгох, өөр орон нутагт төрсөн хүмүүсийн үр хүхдүүдэд эцэг, эхийнх нь уугуул нутаг- Чандмань сумыг танилцуулах, тэдэнд нутгархах үзэл төлөвшүүлж, хөдөөний малчид, хөдөлмөрчдийн ажил үйлс амжилт бүтээл, сум орон нутгийн хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө оюун санаа, хүч чадал, хөрөнгө мөнгөө зориулж ажилласан хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин сурталчлах, улс орон, нийслэл, аймгуудад болж байгаа сум орон нутагтай холбоотой үйл явдал, шинэ мэдээ мэдээллийг түгээх зэрэгт чиглэгдэнэ.
Сум орон нутгийн үүсэл, хөгжил, засаг захиргааны болон төр, олон нийтийн байгууллагуудын түүх, үйл ажиллагаа, ард түмний гарвал угсаа, удам, ургийн хэлхээ холбооны холбогдолтой судалгаа, мэдээ занги, уран бүтээлч, судлаачдын бүтээлүүдийг нийтлэх болно.
Байгаль хамгаалал, цаг агаар, газар нутгийн өвөрмөц тогтоц, ашигт малтмалын тухай сурталчилж танилцуулна.
Сонинд Нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаар тодорхой мэдээлэх болно.
Сонины нийтлэлийн агуулга, чиглэл нь улс төрөөс ангид байж, аливаа улс төрийн нам, эвслийн бодлого, үйл ажиллагааг сурталчлахгүй, тодорхой албан тушаалтан, хувь хүний эрх ашигт үйлчлэхгүй.
Тогтмол болон цаашид гарч байх сэдэв, булангууд:
1.Нутгийн зөвлөлийн нүүр: Нутгийн зөвлөлөөс зохиож багаа ажлын тухай мэдээлэл, цаашдын бодлого, чиглэл, төлөвлөгөө, тайлан, хөдөө орон нутгийг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогоор хийгдэх ажлыг сумын хэрэгцээ, онцлогтой холбон зохион байгуулах, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн санал зөвлөмж, аргачлал, нутгийн зөвлөл, сумын хамтын ажиллагааны тухай бичлэг, баримт мэдээллүүд,
2. Уугуул нутгийн сониноос нүүр: Чандмань суманд суугаа малчин хөдөлмөрчин, төрийн албан хаагч, иргэдийн ажлын амжилт, санал сэтгэгдэл, нутаг усны сонин хачин, ярилцлага, нийтлэл зураг хөргөөс гадна мэдээ мэдээлэл,
3.“Сайны сураг” нүүр буюу булан: Тус сумаас гаралтай Улаанбаатар болон алс хол суугаа иргэдийн тухай, мэдээ, ярилцлага, ажил үйлс, зорилго, санаачилга, нутагтаа оруулсан хувь нэмэр зэргийг сонин хэвлэлийн бичлэгийн бүх төрөл жанраар туурвих. Нийслэл болон бусад хотуудад болсон Чандмань сумын иргэдтэй холбоотой нутагтайгаа хамааралтай ямар нэгэн ажил үйл явдлыг ач холбогдлоор нь сурвалжлан бичих,
4. “Хэдүүлээ хуучилья” булан: Ахмадын зөвлөлийн мэдээлэл, яриа, хууччуул, ахмадуудын дурсамж, ямар нэг үйл явдлын тухай мэдээлэл, домоглон хэлэлцдэг сэдвийн тухай яриа, алдар, гавъяатнуудын сонирхолтой үйлс, туршлага,
5. “Түүхийн гүнрүү өнгийхүй” булан: Сум орон нутагтай холбоотой үүх түүх, түүхийн алдаа завхралыг залруулсан, цагаан толбыг нөхсөн өгүүлэл, судалгааны бүтээл, архивын материал, мөн түүхчилсэн тэмдэглэл, түүхийн холбогдолтой дурсамж, “Амьд гэрчийн үг” зэрэг,
6. “Манай нутагт нэг ийм хүн байсан юм” булан: Өнгөрсөн түүхийн баатрууд буюу орон нутагт домоглон хэлэлцдэг хүмүүсийн тухай мэдээ занги, сонирхолтой түүхэн үйл явдал,
7. “Халуун хэлхээ” булан: Энд тэнд сураг алдарсан найз нөхөд, олон жил уулзаагүй ангийнхан, холын садан, ахан дүүс төрөл сүлбээгээ эрж хайх, олох уулзах зорилгоор сураг дүр нийтлүүлэх, мэдээлэл өгөх, хуучин зураг тавих зэрэг... мөн хэлмэгдлээс үүдэн нутаг орноосоо хөндийрсөн, баригдаад сураг тасарсан хүмүүсийн тухай мэдээлэл, тодруулга,
8. “Танд хэрэгтэй шүү” булан: Хөдөөний малчид, хөдөлмөрчдөд зориулсан эрүүл мэндийн болон амьдралд хэрэгтэй нийтлэг зөвлөлгөө зэрэг,
9. “Эрдэмтэн, мэргэжилтний үг-Бид ингэмээр байна” булан: Суманд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, сурагчдын сурлага, хүмүүжлийг сайжруулах болон нийгмийн амьдралын олон талт асуудлаар эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ санаа дэвшүүлэх, туршлага дэлгэрүүлэх зэргээр эрдэмтэн, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмж,
10. “Утга зохиол” буюу “Энтертаймент” булан: Чандмань нутгаас гаралтай зохиолч, нийтлэлч, сэтгүүлчид, судлаачдын бүтээлүүд, сонирхолтой нийтлэл, өгүүлэл, шүлэг зохиолыг сурталчилж, шинэ номын тухай мэдээлэл, тоймыг хүргэнэ.
Дээрх нүүр, булангууд дугаар бүрт бүгд гарахгүй байж болох бөгөөд цаг үеийн шаардлагаар өөр нүүр, булан нээж болно.
Редакци: Тус сонины редакцийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг нутгийн зөвлөлөөс томилно. Чандмань суманд орон нутгийн сурвалжлагч ажиллана.
Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид
Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 2018 оны 03 сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлийн хавсралт.
5.“ЧАНДМАНЬ ХӨГЖИЛ САН” БАЙГУУЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
-
2024 онд тохиох Говь-Алтай аймгийн Чандмань сум байгуулагдсаны 100 жилийн ойг угтан хэрэгжүүлэх “Чандмань-100” хөтөлбөрийн арга хэмжээнүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зорилго бүхий “Чандмань Хөгжил Сан” (цаашид “Сан” гэх) байгуулах, түүнийг бүрдүүлэх, хадгалах, захиран зарцуулах, хяналт тавихтай холбоотой үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
-
Энэхүү журамд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл(цаашид “Нутгийн зөвлөл” гэх)-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулна.
Хоёр. Сан байгуулах, сангийн удирдлага, зохион байгуулалт
-
Санг Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулна.
-
Сангийн үйл ажиллагааг Нутгийн зөвлөлийн тэргүүн ерөнхийд нь удирдан зохион байгуулна.
-
Сангийн хуримтлалыг бүрдүүлэх, өсгөн аривжуулах, зарцуулах асуудлыг хариуцсан зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг ажлын журмаар шийдвэрлэнэ. Сангийн хуримтлалыг хадгалах ажлыг хариуцан гүйцэтгэх этгээдийг Нутгийн зөвлөл томилно.
Гурав. Сангийн хуримтлалын эх үүсвэр
-
Сангийн хуримтлалыг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ. Үүнд:
-
“Өвөг дээдсийн өлгий нутаг-Чандманьдаа” хөдөлгөөнд оролцогчдын хандив.
-
Чандманий уугуул, суугуул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив.
-
Сангийн хуримтлалыг өсгөх зорилгоор явуулсан үйл ажиллагааны орлого
-
Сангийн зорилготой нийцсэн бусад эх үүсвэр
Дөрөв. Сангийн хуримтлалын хадгалалт, үйл ажиллагаа, зарцуулалт, тайлагнал
-
Сангийн хуримтлалыг Сангийн хуримтлал хариуцсан Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчийн нэр дээр арилжааны аль нэг банкинд нээсэн харилцах дансанд байршуулан хадгална.
-
Сангийн хуримтлалыг өсгөх зорилгоор Нутгийн зөвлөл дараах үйл ажиллагааг явуулж болно. Үүнд:
-
Арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр байршуулах;
-
Засгийн газрын бонд худалдан авах;
-
Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.
-
Сангийн хуримтлалыг зөвхөн “Чандмань – 100” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
-
Сангийн хуримтлалыг бүрдүүлэх, зарцуулах, өсгөх зорилгоор явуулсан үйл ажиллагаатай холбоотой шимтгэл хураамж, татвар, бусад зардлыг сангийн хуримтлалаас гаргана.
-
Сангийн хуримтлалыг энэ журмын 4 дүгээр бүлгийн 4.2, 4.3, 4.4 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
-
Сангийн хуримтлалын хадгалалт, үйл ажиллагаа, зарцуулалтын тайланг Гүйцэтгэх захирал, Сангийн хуримтлал хариуцсан Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч жил бүрийн Нутгийн зөвлөлийн тайлангийн хурал дээр танилцуулж байна.
Тав. Сангийн хуримтлалд тавих хяналт, хариуцлага
-
Сангийн хуримтлалын хадгалалт, үйл ажиллагаа, зарцуулалтад Нутгийн зөвлөлийн дэргэдэх Хяналтын зөвлөл (цаашид “Хяналтын зөвлөл” гэх) хяналт тавина.
-
Хяналтын зөвлөл Сангийн хуримтлалын хадгалалт, үйл ажиллагаа, зарцуулалтад хийсэн хяналт шалгалтын тайланг жил бүрийн Хяналтын зөвлөлийн тайланд тусган Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдэд мэдээлнэ.
-
Хяналтын зөвлөл шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Нутгийн зөвлөлийн Тэргүүнд мэдэгдсэний үндсэн дээр Сангийн хуримтлалын хадгалалт, үйл ажиллагаа, зарцуулалтад хэдийд ч хяналт шалгалт хийх эрхтэй бөгөөд хяналт шалгалтын тайланг тухай бүр Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдэд танилцуулна.
-
Сангийн хуримтлалыг энэ журмын 4 дүгээр бүлгийн 4.2, 4.3, 4.4 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар ашигласан, үрэгдүүлсэн тохиолдолд буруутай этгээд хохирлыг бүрэн хариуцна.
Мэдээ оруулсан: 2019-03-05 11:12:31