Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал П.Дамдин: Нутгийн зөвлөл 2014 онд сумынхаа 90 жилийн ойг тэмдэглэхэд бэлтгэхтэй холбогдуулж, одоогоос хоёр жилийн өмнө 2013 оны 11 дүгээр сарын 23-нд “Сэтгэл нэгдэх ерөөлийн чуулган”-ыг зохион байгуулсан билээ. Бид 90 жилийн ойд зориулж тодорхой төлөвлөгөө гаргаж ажилласан. Та бидний хамтын үйл ажиллагааны үр дүн сайхан гарсан. Одоо бид дүнгээ гаргахаар хуран цуглараад байна. Төрөлх нутгийнхаа төлөө сэтгэл гарган хандив өгч, биет болон оюуны үнэтэй хөрөнгө оруулсан нутаг нэгтэнтэйгээ хийх “Сэтгэлийн хариу талархал”-ын уулзалтын ажиллагааг нээгээд өнөөдрийн уулзалтын хөтөлбөрөө танилцуулав. Уулзалтын ажиллагаа дор дурдсан дарааллаар явагдав. Үүнд:
Нэг. Нутгийн зөвлөлийн дарга Р.Нямдорж: Нутаг нэгт ахан дүүс та бүхэнд халуун дотно чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Та бид сумынхаа 90 жилийн ойг сайхан тэмдэглэсэн. Сумандаа ямар хөрөнгө оруулж, юу юу бүтээсэн талаар одоо товч танилцуулъя.
1.Эмнэлэгт:
а. Блокон хашаатай болсон. /Эрдэнээ эмчийн хүү Баярмагнай 2 сая төгрөг/
б. Б.Батжаргал эмчилгээний төхөөрөмж өгсөн
в. Б.Энхбаяр –Уламжлалт эмчилгээний багаж өгч, 1 өрөөг тохижууллаа.
г. 1989 оны 8 дугаар анги төгсөгчид Эхчүүдийн төрөхийн өрөөг тохижуулсан.
2. Соёлын төвд:
а.Фон хөшиг нүүр /Н.Жамбалдоржийн хандиваар /
б. Эрдэнэт Нутгийн зөвлөл /4.8 сая төгрөг/
в. МУСТА Д. Дансрангийн Энхбат агсаны эхнэр, хүүхдүүд лед гэрэл тавьсан
г. Ц.Даваасүрэн нөхрийн хамт мак гэрэл тавив.
д. Ч.Энхжаргал Монгол мэдээллийн уулзалт
е. 1978 оны 8 дугаар ангийн төгсөгчид номын санд 5 ширээ, 10 сандал өгсөн.
ё. 1986 оны 8 дугаар ангийнхан цэцгийн мандал байгуулав.
ж. Я.Гарамын хүүхдүүд Байгалийн музей тохижуулсан
з. Ц.Дүгэрсүрэнгийн хүүхдүүд байшинд нь засвар хийж, машины зогсоол байгуулсан.
и. Л.Бямбажаргал 200 үзэгчийн шинэ сандал БСШУ-ны яамнаас хуваарилуулж олгов.
л. Хоохор багшийн шавь нар Цахилгаан бөмбөр бэлэглэсэн.
м. Язгуур урлагийн хамтлаг цахилгаан гитартай болсон.
3. Сургуульд:
1.Удаа дараагийн төгсөгчдийн хандиваар бүх хичээлийн танхимын 40 цонхыг орчин үеийн вакум цонхоор сольсон.
2. Д.Жаргалсайхан 65 сая төгрөгөөр Хүүхэд хөгжлийн төвийн байрыг иж бүрэн засварлаж шинэчилсэн.
3. Ц.Бавуудорж Хүүхэд хөгжлийн төвд иж бүрэн компьютер бүхий “Мэдээлэл зүйн танхим” байгуулсан.
4. Я.Жанчив гэр бүл, ах дүү нарын хамт Шатрын танхим байгуулсан.
4. Цэцэрлэгт:
1. Ц.Бавуудоржийн 5 сая төгрөгийн хандиваар блокон хашаа барьсан.
5. Тамгын газарт:
1. Н.Өвдөл гэрлэн хаяг хийлгэж өгөв.
2. Даржаагийн Сүрэнжавын хүүхдүүд засвар хийсэн.
3. Д.Ложоо Засаг даргад принтер, компьютер авч өгөв.
Ерөнхий тохижилт, бүтээн байгуулалт:
1.Ботгоны голд хиймэл нуур хийх ажил эхэлсэн.
2. Дуганыг орчин үеийн заслын материалаар зассан. /10 сая төгрөг/
3. Заан цэцэрлэг /Шахмал талбайтай амралтын бүс болгов/
4. Хүрхрээ голд Маанийн их хүрд байгууллаа. /Дуламсүрэн, Төмөр/
5. Хүрхрээгийн голд Галсан/Сан/-гийн дуганыг сэргээсэн.
6. Хумбааны хүүхдүүдТалын бор толгойд Хийморийн хөшөө босгосон.
7. Ц.Бүрэнбаатар Сумын цэнгэлдэх хүрээлэнг канад үрээр зүлэгжүүлсэн.
8. Чандмань уулын овоонд очих замд Угтах хаалга хийсэн.
9. Д.Нарандорж Өлгийн хөтөлд урьд нь барьсан Угтах хаалгаа шинэчилсэн.
10. 22 залуу гэр бүлийг өргөө цагаан гэртэй болгов.
11.Х.Ёндон ах дүү, хүүхдүүдийн хамт “Чандмань-бидний нутаг” баримтат кино хийсэн.
12. 1997 оны ангийн хамт олон “Аавын нөмөртэй хайрхан уул” дууны клип хийж, сумын төвийг 20 хогийн савтай болголоо.
13. Дарханы Нутгийн зөвлөл /Ж.Заяабаатар/ 4 сая болон Г.Хоролсүрэн 1 сая төгрөгөөр санхүүжүүлж , МУГЖ Г.Жаргалсайхан “Хөглөгөр Алтай” DVD гаргав.
14. Д.Лхагвасүрэн ахдүү садангийнхаа оролцоотойгоор “Аав” хөшөөний орчимд нарны гэрэл, чулуун ширээ, сандал байрлуулж тохижуулав.
15. Р.Нямдорж, Н.Дагвадорж, П.Дамдин нар “Чандманьчуудын удам ургийн хэлхээ” бүтээл туурвин гаргалаа.
16. Д.Жаргалсайхан “Чандмань сумын хүн түүх” ном гаргав.
17. “Хуучин хүний үг” ном гарсан. Л.Сэлэнгэмөрөн бүтээж, М.Моёор 5 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн.
18. Нутгийн зохиолчдын бүтээлийн эмхэтгэл гаргалаа. Үүнийг О. Бяруузана эмхтгэсэн болно.
19. Ш.Цэрэннадмид 3 нум сум өгч, манай сум 2014 оноос эхлэн Эрийн гурван наадам хийдэг боллоо.
20. Р.Чулуунбат, О.Бяруузана нар Хөх бүрдэнийн эхэнд 310 мод тарилаа.
Нийт 104 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийлээ. Ойд зориулж 700 орчим иргэдээс оруулсан хөрөнгө, мөнгөн хандив нь 230 сая төгрөгтэй тэнцэж байна. 90 жилийн ойд сэтгэл гаргасан бүх хүмүүст талархал илэрхийлье.
Дээрх амжилтыг гаргахад дараах хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж үзнэ. Үүнд: 1.Нутгийн Зөвлөл 3 жилийн хугацаанд бодлгоор, тасралтгүй ажилласан.
2. Сумын уугуул иргэдийн төрөлх нутгаа гэсэн сэтгэлий нь сэргээж, урам зориг оруулан хамтарч ажилласан.
3. Тэргүүлэгчдийг өргөтгөж шинэчилсэн. Тэдний идэвх зүтгэл их, эв санааны нэгдэлтэй байлаа.
4. Нутгийн Зөвлөл сумын удирдлагатай нягт хамтарч ажилласан.
Нутгийн Зөвлөл 1990 онд байгуулагдаж, Ц.Лоохууз, Р.Давааням, Д.Лхагвасүрэн, Р.Нямдорж нар удирдлаа. Сүүлийн 3 жил П.Дамдин хурандаа гүйцэтгэх захиралаар сайн ажилласан. Та бүхэнд нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Хоёр. Сумын Засаг дарга Н.Дагвадорж : Юуны өмнө хүрэлцэн ирсэн нутаг нэгт ах дүүс та бүхэнд халуун мэнд хүргэе. Аймгийн Засаг дарга сумын ойг сайхан тэмдэглэсэн гэж үнэлээд бусад сумдын удирдлагад Дагвадоржоос туршлага судлаарай гэсэн. Энэ нь нутгийн зөвлөлийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүн, нутгийн уугуул иргэд та бүхний халуун сэтгэлийн өглөгийг давхар үнэлсэн гэж би бодож байна.
Суманд байгаа хүмүүс юу хийсэн вэ ? Жилд орон нутгийн хөгжлийн санд 319 сая төгрөг өгдөг. 2014 онд 177 сая төгрөг ирсэн.
а.0.4 шугамын шинэчлэл хийсэн.
б. Наадмын талбайг сайхан болголоо. /Э.Амгаланбаатар/
в. Гэрэлтүүлэг үлгэр жишээ хийгдсэн /Д.Энхбилэгт, Т.Азбаяр, Б.Найрамдал/
г. Морь барианы талбайг тохижуулав /Ж.Дамбадаржаа/
д. Зам сумыг эмх цэгцтэй харагдуулж байгаа
е. Ойжуулалт гэх мэт олон ажлууд хийгдэж байгаа.
Суманд энэ жил сайхан зун болсон. Та бүхэндээ нутгийнхаа ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж сайн сайхныг хүсэн ерөөе.
Гурав. Нутгийн зөвлөлөөс 9 хүнд хүндэтгэл үзүүлж, 1945 оны 10 дугаар сарын 20-нд БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулахын төлөө санал асуулгын баримт бичгээс эцэг, эхийнх нь гарын үсэг, хурууны хээ бүхий хэсгийг тусгайлан хэвлэж мөнхийн дурсгал болгон тэдэнд гардуулав. Үүнд:
1.Чанравын Баатарсүрэн
2. Мятавын Моёор
3. Довдонгийн Жаргалсайхан
4. Лхамцэрэнгийн Бордух
5. Батжаргалын Бүжидмаа
6. Рагчаагийн Чулуунбат
7. Найдангийн Жамбалдорж
8. Цэрэнлонжидын Бавуудорж
9. Гончигийн Жаргалсайхан нар болно.
Дөрөв. Хүмүүс үг хэлж сэтгэгдлээ илэрхийлэв.
Ч.Баатарсүрэн: Нутаг гэж сайхан юмаа. 1957 онд Улаанбаатар хотод ирсэн. Миний бие 1959 онд аавтайгаа хамт Улаанбаатарт наадам үзэж байхад аав надаас нутгаа санаж байна уу, хүү минь гэж асууж билээ. Би үгүй гээд та санаж байна уу гэхэд, алхан толгойтой адуу хүртэл нутгаа санаад гүйдэг юм. Саналгүй яахав гэж билээ. Үүний учир утгыг би их хожуу ухаарсан юм. Нутагтаа хайртай. Нутгийн Зөвлөлөөс зохиож байгаа шинэлэг ажлуудад талархалтай байдгаа илэрхийлж байна. Нутгийн зөвлөлдөө маш их баярлалаа.
Л.Сэлэнгэмөрөн: Та бүхний амар амгаланг айлтгая. Монголын эмэгтэйчүүдийн 90 жилийн ой саяхан болсон. Манай сумаас 6-7 төлөөлөгч ирсэн. Улсдаа тэргүүн байдгийг харууллаа. Үүнд: Ү.Дэлгэрмаагийн зүтгэл их байна гэж ойлгосон. Сумын нутгийн зөвлөл сайн ажиллаж байна. Миний бие сумынхаа 90 жилийн ойн хүрээнд “Хуучин хүний үг” нийтлэл, дурдатгалын ном гаргасан. Энэ бол миний 90 жилийн ойдоо барьсан бэлэг юм. Та бүхэндээ баярлалаа.
Ш.Туяа: Чандманьчууд та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. 90 жилийн ойн баярт очиход сайхан байсан. Надад болон олон хүнд нас нэмсэн байхаа. Сэтгэлийн амар амгаланг эдэлж яваарай гэж ерөөе. Гунгаа хувилгааны тухай ном хийнэ гэж бодож байгаа.
О.Бяруузана: Уугуул нутгийнхандаа өөрийнхөө зохиосон шүлэг уншив.
Х.Баянмөнх: /2000 оны 8 дугаар ангийн төгсөгчдийн/ төлөөлөл үг хэлэв. Д.Даваасүрэн талархал илэрхийлж үг хэлсэн
Н.Данаажав : Нутгийн ах дүүс, нийт хүмүүсийн энэ өдрийн амгаланг айлтгая. 90 жилийн ойн арга хэмжээ сайхан болсон. Нутгийн зон олон өсөн дэвжих болтугай гэж ерөөв.
Тав. Нутгийн зөвлөл сумандаа хөрөнгө оруулж, хандив өгсөн бүх хүмүүст батламж, талархал бичгийг шинэ номнуудын хамт гардуулсан болно. Эхлээд 5 сая төгрөгнөөс дээш хөрөнгө оруулсан Д.Жаргалсайхан, Ц. Бавуудорж, Р. Нямдорж, Л. Бямбажаргал, Д. Лхагвасүрэн, “Гобигоүлд” компаний хамт олонд, дараа нь бусад бүх хүнд гардуулав. Энэ удаад 630 гаруй Батламж, Талархал хэвлүүлэн гардууллаа.
Р. Нямдорж Нутгийн зөвлөлийг анх санаачлан байгуулсан өндөр настан, төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Ц.Лоохууз гуайд 1 сая төгрөгийг Гэрч бичгийн хамт гардуулан баяр хүргэлээ.
О.Мягмаржав Р.Нямдоржид хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулав.
Зургаа. Ахмадын зөвлөлийн дарга М.Моёор: 2014 оны ахмадын шатрын уламжлалт тэмцээнийг зохион байгуулсан дүн танилцуулж, эхний 3 байрын шагнал-медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл гардууллаа. Үүнд: 1-р байр-Б.Бордух, 2-р байр- Б.Гантөмөр, 3-р П.Дамдин нар болно.
Мөн Монголын Ахмадын холбооны хүндэт тэмдгээр ахмад багш Б.Бүжидмааг шагнасныг гардууллаа.
Уулзалт ажил хэрэгч, хамтач сэтгэлгээг хөгжүүлэхүйц, элэгсэг дотно болж өндөрлөв.
Протоколтой танилцсан П.Дамдин
Протокол хөтөлсөн С.Шижирбаатар
Мэдээ оруулсан: 2019-03-05 11:06:35