ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 9179-0101 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг " Говь-Алтайн Чандмань сумын уул ус, газар нутаг" фэйсбүүк бүлгэмээр давхар хүргэж байна.
Нутгийн зөвлөл үүсч хөгжсөн нь

Нутгийн зөвлөл үүсч хөгжсөн нь

  Говь-Алтай аймгийн  Чандмань сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл 1990 онд үүсэн байгуулагджээ.  Нутгийн зөвлөл гэдэг нь манай нийгэмд урьд байгаагүй үүсгэл санаачлагын байгууллага бөгөөд түүнийг анх  Говь-Алтай аймгийн Чандмань сумын  уугуул Цогт-Очирын Лоохууз, Цэдэнбалжирын Жамъян-Очир нар санаачилсан юм.

Аливаа шинэ зүйл түүхэн тодорхой нөхцөлд үүсч бий болдог. Нутгийн зөвлөл байгуулагдсан цаг үе нь БНМАУ нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих бололцоо нөхцөлийг  эрэлхийлсэн, хувь хүн, нийгмийн сэтгэлгээнд шинэ уур амьсгал бий болсон түүхэн онцгой цаг үетэй давхцаж  байна.

Ийм цаг үед Ц.Лоохууз гуай төрсөн нутаг орноо гэсэн үзэл санааны дор нутгийн уугуул иргэдийг нэгтгэх нь чухал гэдгийг сэдэн, энэ тухайгаа өөртэйгөө ойр дотно харьцаатай байдаг нутгийн хүү Ц.Жамъян-Очирт хамгийн түрүүнд хэлэн хоёул санал нэгдэж, 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чандмань сумаас Улаанбаатар хотод оршин суудаг 130 орчим хүнийг Сүхбаатарын талбайд цуглуулж тэндээсээ манай нутгийн уугуул Д.Цолмонгийн захирлаар нь ажиллаж байсан Хувьсгалын музейд очиж хуралдан    тэдэнд нутаг орных нь амьдрал байдал, нийгмийн өмнө тухайн үед тулгарч байсан шинэчлэлийн асуудал, төрсөн сумаасаа алс хол суугаа ард иргэдийн төрж өссөн өлгий нутагтаа сэтгэл санааны болон бодит тусламж дэмжлэг үзүүлэхийн ач холбогдол, боломжийн  талаар ярьж “нутгийн зөвлөл” буюу сумын иргэдийн зөвлөл гэдэг байгууллага байгуулахыг санал болгосон байна. Энэ хурал дээр  Ц.Лоохууз хэлсэн үгэндээ “Би олон жил ядарч явж, нутагтаа сүүлийн хэдэн жил байлаа. Нутагт очиход маш сайхан байв. Сумыг олон жил гаднын дарга нар удирдаж, хийж бүтээсэн дорвитой зүйлгүй, мал их цөөрсөн, ард түмний амьдрал дорой байна. Нутагт хуучин ёсоороо байгаа нэг сайхан юм нь хурим найрын ёс заншил хэвээрээ байна. Та нөхдийг урин цуглуулсан явдал бол бүгдээрээ нийлж, нарийн мэргэжлийн хүмүүс, ер нь хэн юу хийж чадахаараа сум орон нутгийнхаа эдийн засгийн асуудлыг өөд татах, жижиг үйлдвэр байгуулах тухай ярилцъя гэсэн юм” гээд орон нутгийн байгалийн нөөц бололцоог ашиглаад савангийн үйлдвэр, бичгийн шохой, давс боловсруулах, тариаланд зориулж суваг шуудуу татах  зэрэг жижиг үйлдвэр байгуулж болох талаар ярьсан байна. Ц.Жамъян-Очир “үйлдвэр байгуулах нь нэн чухал, үүнийг даруйхан шийдэх хэрэгтэй. Үүний хажуугаар ургийн бичгийг сэргээх нь чухал. Цус ойртож байгаа ч юм билүү” гэх мэтээр тодорхой ярьжээ. 

Чандмань сумын нутгийн зөвлөлийг үүсгэн байгуулах энэ хурлыг Д.Цолмон даргалж, түүнд тус сумын харъяат Ш.Сүхээ, Д.Лхашид, Б.Дорж, Б.Батсуурь, Т.Юмсүрэн, Т.Цэрэг, Б.Төмөрхүү, Г.Чойжамц, Д.Тангад, Д.Бадарч нарын олон хүн оролцсон байх бөгөөд уг хурлаас нутгийн зөвлөлийн даргаар Цогт-Очирын Лоохууз, орлогч даргаар Даваагийн Цолмон, нарийн бичгийн даргаар Цэдэнбалжирын Жамъян-Очир нарыг тус тус сонгожээ. Энэ хурал  дээр Д.Лхашид, Т.Юмсүрэн, Р.Чойдорж, О.Ганбаатар, Д.Намшир, Д.Тангад, Д.Бадарч  нар үг хэлж, нутаг орондоо дэмжлэг үзүүлэхийн төлөө юу хийх талаар саналаа илэрхийлсэн байна.

Ийнхүү нутгийн зөвлөл байгуулагдсан хурлаас “Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул нутгийн минь нийт малчид, хөдөлмөрчид та бүхэндээ хандаж эх орны нийслэлээс илгээсэн бичиг” нэртэй албан захидал гаргаж, нутаг усныхаа ард түмэнд илгээсэн байна.

Шинээр байгуулсан зөвлөлийн нэр нь эхэн үедээ “Улаанбаатар хотод суугаа Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул иргэдийн зөвлөл” гэдэг байсан байна.

 

2.Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны агуулга, чиглэл

 

Чандмань сумын нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг нэгд, үүсэл, төлөвшлийн үе/1990-2000/, хоёрт, хөгжил, бэхжилтийн үе/2001-2011/, гуравт,  шинэчлэлийн үе/2012 оноос эхэлсэн/ гэж гурав хувааж болно.  

Үүсэн байгуулагдсан эхний  жилүүд ба дунд үед нутгийн зөвлөл  уугуул иргэдэд үйл ажиллагааныхаа агуулга, чиглэлийг  ойлгуулах, тэдний хүч бололцоог зөвлөлийнхөө хүрээнд нэгтгэн сум орноо хөгжүүлэхэд идэвх санаачлагыг нь дэмжихэд чиглүүлж, сумын болон бусад ой, онцлог үйл явдлыг тэмдэглэх ажлын зохион байгуулалтад   оролцох, цагаан сарын золголт зохион байгуулж   нутгийнхныг уулзуулан ойртуулах, залуучуудыг  танилцуулах, зуд болж, бүс нутгийн амьдрал, үйл ажиллагаанд  хүндрэл учирсан тохиолдолд сумдаа туслах хөдөлгөөн өрнүүлж сумын уугуул иргэдээс цугласан хүнсний зүйл, хувцас, эм тан, ахуй хэрэглээний бараа, төлийн элгэвч, нэмнээ, малын тэжээл зэрэг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, сумынхаа малын чанарыг сайжруулах, Хөрхрөө гол дахь  газар тариаланд гадны байгууллагын хөрөнгө оруулалт, Японы элчин сайдын яамтай хамтран сумын төвийн ундны ус зөөлрүүлэх тоног төхөөрөмж суурилуулах,  дугана барьж шашны зан үйлийг шинэ нөхцөлд сэргээхэд туслах  зэрэг суугуул хүн ардруугаа  чиглэсэн  ажлуудыг хийж ирсэн байна.

Сумын өөрөө удирдах ёсны болон засаг захиргааны байгууллага, ард түмэн алс хол суугаа ахан дүүсийнхээ сэтгэлийн тус дэмийг авснаар нутгийн зөвлөлийн ажлын агуулга, ач холбогдлыг ойлгож,  улмаар  хамтын ажиллагаа нь эрчимжин хөгжсөөр иржээ. Ингэж сум нутгийн зөвлөл хоёрын хооронд ажил хэргийн амьд холбоо үүсч байсныг сумын удирдлага, иргэдээс ирүүлж байсан  албан бичиг, захидлууд давхар гэрчилж  байна.

Үүний нэг жишээ нь сумын Засаг дарга Н.Дагвадорж 1992 онд Нутгийн иргэдийн зөвлөлд илгээсэн захидалдаа “Та бүхний төрсөн нутгаа гэсэн чин сэтгэлээр 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “нутгийн иргэдийн зөвлөл”-ийг шинээр сонгогдсон Засаг даргын Тамгын газар талархан дэмжиж цаашид хамтран ажиллах, та бүхнийхээ оюуны аугаа их потенциал, туслалцаанд тулгуурлан ажиллах хүсэлтэй байгааг дэмжинэ гэдэгт найдаж байна” гээд нутгийн иргэдийн зөвлөлөөс дэвшүүлсэн нутгийн ах дүүгийн амьдралыг дээшлүүлэх, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, мал сүргээ өсгөх, байгаль дэлхийгээ хамгаалах, ган гачигаас гарах, эрдэм соёл түгээх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх саначлагыг нутгийн тань ард түмэн гүн талархан хүлээн авч байсныг энэ дашрамд өгүүлье гэж дурдсан байна. Цааш нь Засаг даргын мөрийн хөтөлбөрт сум орноо хөгжүүлэх талаар тусгасан зорилтуудаас дурдаад түүнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэжээ.

“Таван эрдэнэ” хоршооны бүрэн хариуцлагатай гишүүн Д.Оросоо захидалдаа “...манай хоршоо 700 гаруй хоньтой, 10 га ногооны газартай, 11 ажилчинтай, 200000 төгрөгний үндсэн ба эргэлтийн хөрөнгөтэй байгуулагдан үйл ажиллагаагаа эхлээд 1 сар гаруй болж байна.” Цаашид хэрэгтэй байгаа жимсний   модны суулгац, зарим халуун ногооны үр болон жижиг үйлдвэрлэлийн  тоног төхөөрөмж хэрэгсэл олж туслана уу гэж  хүссэн байна.

Энэ мэтчилэнгээр нутгийн иргэд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн ажлын агуулга, ач холбогдлыг улам ойлгож, хамтын ажиллагаа нь өргөжин тэлж байжээ.  

Нутгийн зөвлөл эхэн үедээ дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн удирдлага, зохион байгуулалтын энгийн  бүтэцтэй байсан бөгөөд даргаар Ц.Лоохууз(1990-1994), Р.Давааням(1995-2002), дунд үед Р.Нямдорж(2003-2008), Д.Лхагвасүрэн(2009-2010) нар, орлогч даргаар Д.Цолмон(1990-1994),  нарийн бичгийн даргаар Ц.Жамъян-Очир(1990-1994), Ш.Дашцоодол(1995-1998), Х.Лүндэнбазар(1998-2001, 2005-2008.8), С.Даваасамбуу (2008.9-2011.6) нар ажиллаж байв.

2011-2012 оноос нутгийн зөвлөлийн даргаар Р.Нямдорж, гүйцэтгэх захирлаар П.Дамдин нар ажиллаж шинэчлэлийг эхлүүлжээ.

Нутгийн зөвлөлөөс зохиох ажлын  арга, хэлбэр  нь боловсронгуй болон  зорилго, зорилт, агуулга нь гүнзгийрэн баяжиж,  цар хүрээ, далайц,  хүртээмж өсөхийн хэрээр уугуул иргэдийн оролцоо  нэмэгдэж,  орон нутгийн удирдлага, ард түмэн нутгийн зөвлөлөөс зохиож байгаа ажлын үр өгөөж, ач холбогдлыг урьд урьдаас илүү ойлгох болсон байна.

Сумын иргэдийн эрүүл мэнд, оюун санаа, амьдрал ахуйд дэмжлэг үзүүлэх, сумандаа  бүтээн байгуулалт хийх зэргээр хөгжилрүү  хандсан ажлуудыг зохиох болсноор нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг илүү чиглэсэн зорилготой болгох шаардлага урган гарч иржээ. 

Иймээс 2012 онд нутгийн зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, дүрмээ шинээр боловсруулан баталж гаргасан юм. Энэ дүрэмдээ  “Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны зорилго нь Улаанбаатар хотод оршин суудаг Чандмань сумын уугуул иргэдийн хүч бололцоонд тулгуурлан төрөлх сумаа хөгжүүлэх, орон нутагтаа амьдран сууж буй иргэдийн хөгжилд бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино” гэж тодорхойлсон нь  зөвлөлийн  ажил сум болон  түүний суугуул иргэдээ  хөгжүүлэхийн төлөө  уугуул иргэдийнхээ хүч боломжийг ашиглан бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэгдэх болсоныг харуулж байна.   

Шинэчлэл эхэлснээс хойших  хугацаанд  зохион байгуулалт, практикийн олон асуудлуудыг дүрэмд заасан зорилгодоо нийцүүлэн  шийдвэрлэж, үйл ажиллагаагаа бодлогоор алсын хараатай зохион байгуулж эхэлсэн байна.

 

   3.Нутгийн зөвлөлийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн

            Дүрэмд зааснаар Нутгийн зөвлөл нь нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга, гүйцэтгэх захирал гэсэн удирдлагын бүтэцтэй байна.

            Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн даргыг тэргүүлэгч гишүүдийн дундаас илээр санал хурааж, хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар 4 жилийн хугацаатайгаар сонгоно.

            Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлыг тэргүүлэгчдийн хурлаас ердийн олонхийн саналаар 2 жилийн хугацаатайгаар батална.

            Гүйцэтгэх захирал нь нутгийн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулна.

             Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид 20-30 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэргүүлэгчдэд Чандмань сумын уугуул, нэр хүндтэй  иргэд орно.

            Олон жил идэвх зүтгэлтэй ажилласан, нэр хүндтэй тэргүүлэгч гишүүнийг хүндэт тэргүүлэгчээр өргөмжилнө. Хүндэт тэргүүлэгч нь нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд тааллаараа оролцоно.  

 

Мэдээ оруулсан: 2019-03-05 11:28:45